2023 оны 06 сарын 12
Тарот гэж юу вэ?
Тарот бол зөн совингоо ашиглах нэг төрлийн багаж хэрэгсэл юм. Багш нар шугам барьж, эмч нар чагнуураа хэрэглэдэг шиг зөн совинтой хүн мэргэ төлөг хийхдээ хөзөр, дүүжин, чулуу, яс, цай зэрэг өөр өөр мэргийн хэрэгслүүдийг хэрэглэдэг. Мэргийн маш олон төрөл, маш олон багаж хэрэгслүүд байдгаас тарот хөзөр нь амьдралын бүхий л талбаруудыг гайхалтайгаар зураглан харуулсан байдаг бөгөөд хүний зөн совинг сайжруулж, олон талаас аливаа асуудлыг харж шинжиж, дүгнэлтэд хүрэхэд тусалдаг мэргийн хэрэгсэл гэдгээрээ онцлогтой.
Тарот хөзрийн товч түүх
Хөзрийн олон төрлийн мэргэ байдгаас тарот хөзөр нь анх Египетийн эртний бурхдын далд ертөнцтэй холбоотой нууцуудаас санаа авсан гэж үздэг ба түүнээс хойш гар дамжсаар Европруу гарж баян ноёдын гарт очсон гэж үздэг бөгөөд анх хөзрийн тоглоом маягаар ашиглагдаж байгаад тун удалгүй хүмүүс энгийн л нэг тоглоомын хөзөр биш гэдгийг мэдэрч мэргэ төлөгний зорилгоор ашиглагдаж эхэлсэн байдаг. 18-р зууны сүүл үед тарот хөзрийг Jean-Baptiste Alliette гэх Франц гаралтай оккултист хүн Еврейчүүдийн Июдаизм шашнаас гаралтай Каббала-тай холбож, тоглоом биш зөвхөн мэргэ төлөгд ашиглах зорилгоор илүү боловсронгуй болгож өнөөгийн бидний мэдэх Тарот хөзрийг гаргаж ирсэн байдаг.
Смит Вэйт Тарот Хөзөр (Smith Waite Tarot)
Орчин үеийн тарот хөзрүүд маш олон төрлөөр, янз бүрийн өнгөтэй, зурагтай, нэртэй гарсан байдаг ч ихэвчлэн бүгдээрээ Смит Вэйт тарот дээр суурилсан байдаг. Смит Вэйт тарот нь Англи гаралтай Артур Вэйт болон Памела Колман Смит гэх оккултистуудын овгийн нэрийн нийлбэр бөгөөд Артур, Памела хоёр хамтарж 1909 онд хамгийн анхны Смит Вэйт тарот хөзрийг нийтэлсэн байдаг. Артур, Памела хоёр “Golden Dawn” оккулт урсгалын гишүүд байсан бөгөөд алдарт оккултист Алиестер Краулигийн дагагчид байжээ.
Тарот хөзрийн мэргийн ерөнхий зарчим
Бид эхлээд тарот хөзрийнхөө утгуудыг ойлгож цээжилсний дараа бидний өөрийн зөн совингоор дамжуулж сахиул тэнгэрүүд, бусад хамтарч ажилладаг бурхад, од гараг эрхэс, элементүүдийн эзэд зэрэг энергиүд бидэнд хөзрүүдийг маань тааруулж сөхөж өгдөг гэсэн үг юм. Түүнийг нь бид зөн совингоо ашиглан тайлж уншдаг.
Ямар ч мэргийн хэрэгсэлтэй адил тарот хөзөр нь өөрөө ямар нэг амьгүй, ид шидгүй зүйл байдаг. Харин түүнийг амилуулж, ид шидийг өгөх хүчийг хөзрийн эзэн өөртөө агуулж байдаг. Мэдээж таротын хөзөр бүр тодорхой утга агуулгыг илэрхийлсэн байдаг ч, нэг хөзөрт маш олон төрлийн утга агуулагдсан байдаг учраас асуусан асуулт, бусад сөхөгдсөн хөзрүүдээс шалтгаалж тайлж уншихын тулд өөрийн зөн совингоо ашиглах шаардлагатай байдаг. Тиймээс хөзөр аваад л шууд мэргэлж, уншиж тайлж чаддаг болно гэвэл өрөөсгөл юм.
Тарот хөзрөөр уншиж эхлэхийн өмнөх бэлтгэл
Товчхондоо бид зөн совин, хамгаалалт, энергиэ ашиглах, нөхөх эрдмүүдэд суралцсан байх ёстойгоос гадна тоон зурхай, өнгөний бэлгэдэл болон астрологийн ерөнхий мэдлэгт суралцсан байх нь хөзрөө бүрэн гүйцэт тайлахад тусалж өгдөг.
Зөн совинг сайжруулахын тулд өдөр бүр биш юм гэхэд тогтмол бясалгал хийдэг, зүүдтэйгээ ажиллах зэрэг наад захын зүйлсийг хийдэг байвал маш сайн.
Цэвэр өөрийнхөө энергийн хүчийг ашиглаж байгаа тохиолдолд том уншлага хийсний дараа энерги унах, багасах тохиолдол их байдаг тул энергиэ өргөхөд мөн суралцсан байх ёстойгоос гадна, бусад сахиул тэнгэрүүд, элементийн хүч гэх мэтчилэн зүйлстэй хамтарч ажиллаж чаддаг, тэднээсээ туслалцаа авч чаддаг байхад суралцах нь маш их давуу тал болж өгдөг.
Мөн бид мэргэ төлөг хийх үеэр өөрийн зөн совинг идэвхжүүлж, дээд хүрдүүд буюу хоолой, мэлмий, титэм хүрдүүдийг нээж өгдөг учраас тодорхой хэмжээнд энергийн хамгаалалт хийж сурсан байх ёстой.
Тарот хөзрийн ерөнхий тайлбар
Райдер вэйт тарот нь нийт 78 хөзөртэй байдаг. Энэ 78 хөзөр маань Их Аркана болон Жижиг аркана гэж хоёр хуваагдана. Том хөзрүүд болох Их Аркана нь 22 хөзөртэй байдаг бөгөөд эдгээр хөзрүүд маань амьдралын том том үйл явдал, голлох цөм энергийг харуулдаг. Их Аркана нь 0 дугаартай Fool хөзөр (Мунхаг хөзөр)-өөс эхлээд 21 дугаартай World хөзөр (Ертөнц хөзөр) хүртэл явдаг.
Харин Жижиг Аркана нь 56 хөзрөөс бүрддэг бөгөөд өдөр тутмын амьдрал, жижиг үйл явдлууд зэргийг харуулж байдаг. Жижиг Аркана нь 4н өнгөнд хуваагддаг бөгөөд тэдгээр нь wands буюу саваа, swords буюу сэлэм, pentacles буюу зоос, cups буюу аяга юм. Харин бүлэг бүр нь Тамга хөзрөөс (Ace) авхуулаад 10 хүртэл дугаартай хөзрүүд болон Боол (Page), Жанжин (Knight) Хатан (Queen) ба Хаан (King) хөзрүүдээс бүрддэг гэсэн үг юм.
Тарот хөзрөөр хэрхэн мэргэлэх вэ?
Тарот хөзрөөр мэргэлэх маш олон арга байдаг бөгөөд энэ удаад хамгийн амархан, энгийн аргыг танилцуулъя. Тарот хөзрөөр мэргэлэхэд:
Хөзөр холих
Тарот хөзрөө сайн гэгч нь хольж, хүсвэл арц эсвэл энерги цэвэрлэдэг ургамал ашиглан энергийн бяцхан цэвэрлэгээ хийвэл маш сайн. Хөзөр холих олон арга байдаг ч, хамгийн гол зүйл нь та өөрөө өөртөө эвтэйхнээр холих л чухал юм. Бүх хөзрөө ширээн дээр тарааж, 2 гараараа тойрог маягаар холих, хөзрөө 2 хувааж голоор нь багахан нугалж өнцөгдүүлэн холих, нэг гартаа бүх хөзрөө атгаж нөгөө гараараа бага багаар авч холих зэрэг бүх энгийн аргуудыг туршиж, өөрт хамгийн эвтэйхэн холих аргыг олоорой. Хөзрөө хольж байх зуураа өөрийн энергийг төвлөрүүлж, асуултаа хөзрөөсөө асуугаарай.
Хөзөр татах
Тарот хөзрийг татах маш олон арга байдаг. Үүнд хөзрөө хольж байх хугацаанд үсэрч гарж ирсэн хөзрүүдийг татах, хөзрөө 3 тасалсны дараа тасалж тавьсан дарааллаасаа эсрэгээр буцаан хураагаад дээд талаас нь хүссэн тоогоороо татах, хөзрүүдээ дэвүүр мэт тараан тавьж байгаад дээгүүр нь гараа хөндий гүйлгэн зөн совингоороо хамгийн их татагдаж буй хөзрөө сонгож татах зэрэг орно. Холихтой мөн л адилхан, бүхий л аргуудыг туршиж үзээд өөрт хамгийн таалагдсан, хамгийн эвтэйхэн аргаар хөзрөө татдаг байхад хангалттай. Эхний ээлжид анхлан суралцаж байгаа хүмүүс 1-3н хөзөр татахад хангалттай байдаг гэдгийг сануулъя.
Хөзөр өрөх
Хөзрөө өрөх олон аргууд байдгаас хөзрүүдээ гарж ирсэн дарааллаар нь мэргэлж унших нь хамгийн энгийн бөгөөд амархан арга юм. Мөн нийтлэг хөзөр өрөх аргууд байдгаас хамгийн энгийнээс цухас дурдвал:
2 хөзрийн өрөлт: Зүүн талаас 1 дахь хөзөр нь шалтгаан, 2 дахь хөзөр нь үр дагаврыг илтгэх хөзөр байна. Жишээ нь "надад ямар ажил хамгийн их тохирох вэ?" гэж асуусан бол, эхний хөзөр нь яагаад танд энэ ажил тохирохыг хэлж өгөх бол 2 дахь хөзөр нь танд ямар ажил тохирохыг өгүүлэх юм.
3 хөзрийн өрөлт: 3н хөзөр татаж, зүүн талаас 1 дахь хөзөр нь өнгөрсөн, 2 дахь хөзөр нь одоо цаг, 3 дахь хөзөр нь ирээдүйг илтгэнэ гэсэн өрөх арга байдаг. Жишээ нь "Найз охин бид хоёрын харилцаа ямархуу байна вэ?" гэдэг асуулт асуулаа гэж бодоход 1 дахь хөзөр нь та хоёрын харилцааны өнгөрсөн цагийн энерги, 2 дахь хөзөр нь та хоёрын одоо байгаа байдал, 3 дахь хөзөр нь та хоёрын харилцааны ирээдүйг өгүүлнэ.
Энэ мэтчилэн 5 хөзөр, 7 хөзөр, 10 хөзрийн өрөлтүүдийг та Google-ээс үнэ төлбөргүй авч болохоос гадна, өөрөө өрөлт зохиох ч боломжтой юм.
Хөзрөө тайлж унших
Хөзрүүдээ тайлж уншихын тулд та хөзрүүдийн утгыг тодорхой хэмжээнд ойлгож, цээжилсэн байх ёстой бөгөөд үүнд тайлбар ном тус болно. Тайлбарыг уншихад нэг хөзөр нь маш олон утгыг илэрхийлсэн байдаг учир эдгээр утгуудаас аль нь таны мэргэ дээр буусан байгааг харин өөрийн зөн совингоор тайлж унших юм. Тиймээс эхлээд хөзрүүдээ ажиглан харж, өөрийн дотоод дуу хоолойг сонсох гэж хичээгээд үзээрэй. Ингээд хөзрүүд хоорондоо яаж харьцаж байгааг ажиглаж харсны дараа өөрийн асуусан асуултдаа авцалдуулж тайлаарай.
Мэргэ тань мэргэн байх болтугай!
www.9th-house.mn